LEX.mn AI-аас асуух

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай

2023 он · 19 зүйл · legalinfo.mn дээрх албан ёсны эх

Энэ хууль таны асуудалд хэрхэн хамаарах вэ?
Нөхцөл байдлаа бичихэд LEX.mn холбогдох зүйл, заалт болон шүүхийн практикийг тулгаж хариулна.

Асуултаа бичих

1 дугаар зүйл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох, ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж, хөнгөлөлт, шимтгэлийн төлбөр

2.1.Тэтгэмжийн даатгалын сангаас дараах тэтгэмж, шимтгэлийн төлбөр, хөнгөлөлтийг олгоно:

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.1.1.хөдөлмөрийн чадвар түр алдсаны;

2.1.2.жирэмсний болон амаржсаны;

2.1.3.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох;

2.1.4.гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа сайн дураар даатгуулагч эхийн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн төлбөр.

2.1.5.ажилгүйдлийн тэтгэмж;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.1.6.шимтгэлийн хөнгөлөлт.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.2.Ажилгүйдлийн даатгалын сангаас дараах тэтгэмж, хөнгөлөлтийг олгоно:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2.2.1.ажилгүйдлийн тэтгэмж;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2.2.2.шимтгэлийн хөнгөлөлт.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ

3 дугаар зүйл

3 дугаар зүйл.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх

3.1.Хөдөлмөрийн чадвараа түр алдахын өмнөх дараалсан гурав ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн дараах даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй:

3.1.1.ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч;

3.1.2.хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 32.1-д заасан үндэслэлээр үр хөндүүлсэн даатгуулагч эх.

3.2.Даатгуулагч энэ хуулийн 5.2, 5.3, 5.4-т заасан хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд дараалсан гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх дахин үүснэ.

4 дугаар зүйл

4 дүгээр зүйл.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ

4.1.Даатгуулагчид олгох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан гурван сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцно:

Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа /сараар/

Тэтгэмж бодох хэмжээ

/хувиар/

1.

3-59

50

2.

60-119

55

3.

120-179

60

4.

180 ба түүнээс дээш

75

4.2.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

4.3.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 21-д хувааж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодох нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

5 дугаар зүйл

5 дугаар зүйл.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

5.1.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны ажлын эхний таван өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, зургаа дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно.

5.2.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна.

5.3.Даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно.

5.4.Хорт хавдар, сүрьеэгээр анх өвчилсөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 132 өдрөөс хэтрэхгүй байна.

5.5.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг ерөнхий эмч, их эмч, эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комисс тогтоож, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгоно.

5.6.Эмнэлгийн хуудасны маягтын загвар, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

5.7.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид тэтгэвэр тогтоолгосон тухайн өвчний оношоор хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгохгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ

6 дугаар зүйл

6 дугаар зүйл.Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх

6.1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй:

6.1.1.хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх;

6.1.2.хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эх;

6.1.3.хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж дутуу төрүүлсэн буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 32.1-д заасан үндэслэлээр үр хөндүүлсэн даатгуулагч эх.

7 дугаар зүйл

7 дугаар зүйл.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, олгох хугацаа

7.1.Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно.

7.2.Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно.

7.3.Жирэмсний тэтгэмжийг төрөхийн өмнөх 60 хоногийн, амаржсаны тэтгэмжийг төрсний дараах 60 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 80 хоногийн доторх ажлын өдрөөр тус тус тооцож олгоно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.4.Энэ хуулийн 7.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 21-д хувааж жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

НАС БАРСАН ДААТГУУЛАГЧИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ОЛГОХ ТЭТГЭМЖ

8 дугаар зүйл

8 дугаар зүйл.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох нөхцөл, хэмжээ

8.1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.

8.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан тэтгэвэр авч байсан энэ хуулийн 8.1-д заасан нөхцөлийг хангасан иргэн нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.

/Энэ хэсэгт2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.3.Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ, ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ

9 дугаар зүйл

9 дүгээр зүйл.Ажилгүйдлийн тэтгэмж авах, шимтгэлийн хөнгөлөлт эдлэх эрх

9.1.Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 12 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.2.Ажилгүйдлийн тэтгэмж урьд нь авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг дахин 12 сар, үүнээс ажилгүй болохын өмнөх 9 сар тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх дахин үүснэ.

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.3.Хүүхдээ асрах чөлөө авахаас өмнө энэ хуулийн 9.1-д заасан эрхийг хангасан даатгуулагч эхийг хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд, эсхүл ажилд ороод 9 сар хүртэлх хугацаанд ажил олгогч нь татан буугдсан, дампуурсан бол түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгоно.

9.4.Цэргийн жинхэнэ албыг биеэр хаахаар татагдсан, хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, байгууллагын захиалгаар суралцах, хөдөлмөрийн чадвар алдсаны болон өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй.

10 дугаар зүйл

10 дугаар зүйл.Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ

10.1.Даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцож олгоно:

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа /сараар/

Тэтгэмж бодох хэмжээ

/хувиар/

1.

24-59

50

2.

60-119

55

3.

120-179

60

4.

180 ба түүнээс дээш

70

10.2.Энэ хуулийн 9.3-т заасан даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлж ажилласан сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас энэ хуулийн 10.1-д заасан хувь хэмжээгээр тооцно.

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

10.3.Энэ хуулийн 10.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 21-д хувааж ажилгүйдлийн тэтгэмж бодох нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

11 дугаар зүйл

11 дүгээр зүйл.Ажилгүйдлийн тэтгэмж олгох

11.1.Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрөөр, харин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол ажлын 55 өдрөөр тооцож олгоно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

11.2.Ажилгүйдлийн тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно.

11.3.Даатгуулагч энэ хуулийн 14.1.3-т заасан хугацаанаас хойш ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт, ажил идэвхтэй хайж байгаа тухай хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагын тодорхойлолт болон холбогдох баримт бичгийн хамт нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгсөн бол уг хугацаанаас хоцроосон ажлын өдрийг энэ хуулийн 11.1-д заасан өдрөөс хасаж тооцон ажилгүйдлийн тэтгэмж олгоно.

11.4.Даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаанд ажилд орж, албан журмаар шимтгэл төлж эхэлснээс хойш 5 сарын дотор ажлаас дахин чөлөөлөгдсөн бол анх тогтоосон ажилгүйдлийн тэтгэмжээс олгогдоогүй үлдсэн тэтгэмжийг олгоно.

11.5.Нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн арилжааны банкан дахь дансаар дамжуулан сар бүр олгоно.

12 дугаар зүйл

12 дугаар зүйл.Ажилгүйдлийн тэтгэмж олголтыг зогсоох

12.1.Ажилгүйдлийн тэтгэмж олголтыг дараах үндэслэлээр зогсооно:

12.1.1.ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орж, албан журмаар шимтгэл төлж эхэлсэн;

12.1.2.өндөр насны, эсхүл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон;

12.1.3.үндэслэлгүйгээр ажилгүйдлийн тэтгэмж авч байсан нь тогтоогдсон;

12.1.4.цэргийн жинхэнэ албыг биеэр хаахаар татагдсан;

12.1.5.хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

12.1.6.ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаанд нас барсан.

13 дугаар зүйл

13 дугаар зүйл.Шимтгэлийн хөнгөлөлт

13.1.Даатгуулагчийг тогтвор суурьшилтай ажиллуулан 3 жил дараалан тэтгэмжийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж гаргуулаагүй, Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 15 хувиар тооцож, ажил олгогчид 3 жил тутамд нэг удаа шимтгэлийн хөнгөлөлт үзүүлнэ.

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан шимтгэлийн хөнгөлөлтийг дараа жилийн төлөх ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс хасаж тооцно.

13.3.Ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТЭТГЭМЖ АВАХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА

14 дугаар зүйл

14 дүгээр зүйл.Тэтгэмж авах өргөдөл гаргах хугацаа

14.1.Даатгуулагч, иргэн тэтгэмж авах өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад дараах хугацаанд цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:

14.1.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;

14.1.2.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 6 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;

14.1.3.ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэр гарсан өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор.

15 дугаар зүйл

15 дугаар зүйл.Өргөдлийг шийдвэрлэх хугацаа

15.1.Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн тэтгэмж авахыг хүссэн өргөдлийг энэ хуулийн 15.2-т заасан журмын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт хүлээж авснаас хойш хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг 14 хоногийн дотор, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг 24 цагийн дотор шийдвэрлэнэ.

15.2.Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж тооцож олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан /

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан өргөдлийн маягтын загвар, тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг авах эрх бүхий иргэн, албан тушаалтныг тодорхойлох журам, тэтгэмж бодох аргачлал, зааврыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

16 дугаар зүйл

16 дугаар зүйл.Тэтгэмжийг буцаан төлүүлэх, суутгал хийх

16.1.Даатгуулагчийн үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэмжийг төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн, эсхүл нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн актаар тогтоогдсон бол илүү авсан тэтгэмжийг даатгуулагчаар буцаан төлүүлэх буюу олгогдоогүй үлдсэн тэтгэмжээс суутган авна.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

17 дугаар зүйл

17 дугаар зүйл.Тусгай зохицуулалт

17.1.Улс орныг хамарсан эдийн засгийн хүндрэлийн улмаас нийт аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа доголдож, олонх аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалтын орлого 50 ба түүнээс дээш хувиар буурсан тохиолдолд дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, даатгуулагчид тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулж болно.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан тусгай хуулиар зохицуулах санхүүгийн дэмжлэг, тэтгэмжид зарцуулах хөрөнгийг тэтгэмжийн даатгалын сан болон улсын төсвөөс хариуцна.

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

18 дугаар зүйл

18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

18.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19 дугаар зүйл

19 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

19.1.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.